Мэссеж зөвөлгөө 1
2008 оны 11-р сарын 25
Тамхи бол хор. Хүний бүхий л эд эсийг аажмаар мэрэн гэмтээж, хордуулан устгасаар эцэст нь биемахбодийг өвчин эмгэгт нэрвэгдүүлэгч чимээгүй алуурчин. Эргэлзэх бодол төрж байна уу? Эргэн тойрны тамхи татдаг хүмүүс айхтар өвдөж зовоод байгаа нь хаана байна аа? Гэтэл дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 6 секунд тутамд 1 хүн буюу жилд 5.4 сая хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Ийм байдлаараа бид тамхийг өөгшүүлэн давраасаар байвал энэ тоо цаашид огтхон ч багасахгүйгээр үл барам 2030 он гэхэд 8 сая гаруй хүний алтан амийг авч одох тооцоо гарчээ. Харамсалтай нь энэ бол бодит үнэн, тамхидалт хэмээх тахлын аймшигт үр дүн. Дээр дурьдсан тоо баримтаар таныг айлгахыг бодсонгүй. Харин өөрийгөө болон эргэн тойрныгоо энэ аюулаас хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийх дохио болоосой гэж хүсч байна.
Та тамхи татдаггүй байж болно. Гэвч эргэн тойрныхны тань тамхидалтын улмаас та тэднээс 2 дахин илүү хорддог гэдгийг санаарай. Тэгэхээр та бидний санаа тавиж, таслан зогсоох ёстой аюулын нэг бол яахын аргагүй тамхидалт билээ.
Тэгвэл тамхинд юу агуулагддаг вэ? Яагаад биемахбодийг хордуулна вэ? Будаг уусгагч, шоргоолжны хор, шавьж устгагч, машины угаар, цагаан эрвээхэйн хор гээд бидний хэзээ ч ам руугаа ойртуулж зүрхлэхгүй 4000 гаруй химийн хорт бодис тамхинд агуулагддаг. Эдгээрээс 60 гаруй нь хүний биед хавдар үүсгэдэг болох нь нэгэнт тодорхой болжээ. Дээрх бодисууд хүний олон эрхтэн тогтолцоог хордуулан гэмтээдэг. Энэ удаад зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцацгаая.
Та бид тамхинд агуулагдах никотин хэмээх бодисын талаар нилээдгүй сонссон. Тэгвэл донтол үүсгэх гол шалтгаан болдог энэхүү бодис нь зүрх судасны өвчин үүсэхэд нилээдгүй үүргийг гүйцэтгэдэг юм байна. Цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгасны улмаас зүрх амархан эцэж цуцдаг. Улмаар зүрх ачаалалдаа дасан зохицохын тулд томорч эхэлнэ. Зүрх цусыг эрхтэн эд рүү шахахаас гадна өөрөө түүнээс тэжээл авч байдаг. Гэтэл томорсон зүрх шаардлагатай тэжээлээ авч чадахгүйд хүрнэ.
Өөрөөр тайлбарлах гээд үзье л дээ. Нэг тариалангийн талбайг усжуулдаг байя гэж бодоё. Дахин тариа тарихаар болж талбайгаа томсгохоор шийджээ. Гэтэл усжуулалтанд шаардлагатай усны хоолой дутагдалтайн улмаас томсгосон талбай дахь бүх тариа хатаж хорчийжээ. Яг л ийм замаар зүрхний булчингийн хэрэгцээ хангамжийн зөрүүнээс үүдэлтэй зүрхний бах, шигдээс гэсэн өвчнүүд үүсдэг байх нь.
Нөгөө талаар тамхинд агуулагдах олон хорт бодисууд судасны ханыг гэмтээсний улмаас түүний хананд өөх тос хуримтлагдаж, бөглөрөл бий болгоно. Ийм замаар судасны хатуурал өвчин үүснэ. Гэмтсэн судсаар гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтний цусан хангамж дутагдана. Түүнээс гадна судасны уяг чанар алдагдаж, амархан хагарах аюултай болж ирнэ. Ингээд л өнөөх тархины цус харвалт, зүрхний шигдээс, захын судасны өвчнүүд үүсдэг. За ингээд тоочоод байвал тамхины хор хөнөөл нилээдгүй болно.
Харин ашиг тус гэхээр зүйл өчүүхэн төдий ч байдаггүйг ухаант хүн та ойлгож байгаа байх. Та өөрийгөө, эргэн тойронд буй хайртай хүмүүсээ энэ тахлын аюулаас холдуулаарай. Болохгүйг нь мэдсээр байж зүтгээд байдаг жаахан хүүхэд та биш. Хортойг нь мэдсээр атал амьдаараа тамхинд идүүлнэ гэж үү. Та сайн тунгаагаарай.
Хэрэв танд бидний дээр ярилцсан зүйлс нэгийг бодуулсан бол дараагийн удаад гарах мэдээллийг заавал уншаарай. Тамхинаас хэрхэн гарах талаар танд зөвлөх болно.