Увс аймаг
Увс аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км2 газар нутагтай. Баруун талаараа 200 км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг.
Нийслэл Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан. Аймгийн төв Улаангом сум д.т.д 939 метр өндөрт оршдог.
Аймгийн төв нь Улаангом хот, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 92 багт хуваагддаг. Аймгийн төвөөс хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан нь Зүүнхангай сум 365 км зайтай.
Хүн ам
Тус аймаг 2009 оны байдлаар 77.4 мянган хүн амтай. 20.1 мянган өрхтэй, нийт хүн амын 29.9 хувь нь хот суурингийн, 70.1 хувь нь хөдөөгийн хүн ам. Нийт хүн амын 40.0 % нь дөрвөд, 35.2 % нь баяд, 15.3 % нь халх, 9.0 % нь хотон болон бусад ястан амьдардаг.
Дэд бүтэц: Зам харилцааны сүлжээний ихэнхи хэсгийг шороон зам эзэлдэг. Улаангомоос Хандгайтын чиглэлд 120 км , аймгийн төвд 10 гаруй км хатуу хучилттай асфальтан замтай.
Увс аймгийн хувьд:
- Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг
- Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа элс “Алтан элс”
- Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг
- “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх
- Түүх соёлын нандин өв дурсгал
- Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл
- Чацаргана, жамц давс, арвайн гурил … гэх мэт нэгэнт бүрдсэн давтагдашгүй онцлог, нэр хүнд болон аялал жуулчлалын нөөцүүдийн ерөнхий төрөл хэлбэрүүд, газарзүйн тархалт байршлын онцлог, хамрах нутаг дэвсгэрийн хэмжээ, түүнчлэн тус аймгийн нутаг дэвсгэрт байрлах улсын болон аймгийн тусгай хамгаалалттай газар нутгуудын байршил, үйл ажиллагааны дэглэм зэргийг харгалзан, аялал жуулчлалыг дараах бүсүүдээр хөгжүүлэхийг дэмжиж, хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Ховор амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүс
2. Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүс
3. Түүх соёлын аялал жуулчлалын бүс
4. Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүс, зэрэг болно.
Нэгдсэн эмнэлэг
2013 оны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 6 алба , 15 тасаг нэгжтэй,
229 ортойгоор эрүүл мэндийн II шатлалынтусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэг нь 2013 онд 286 эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна.Удирдах ажилтан – 4,Их эмч – 61,Бусад дээд мэргэжилтэн -5,Сувилагч тусгай мэргэжилтэн – 147 , эм зүйч -2 , эх баригч -10, бага эмч - 12, рентген техникч-2, эм найруулагч-2, жолооч -8 тогооч-6 зэрэг эмч мэргэжилтэн ажиллаж байна. Үүнд: АУны доктор 1 , зөвлөх зэрэгтэй эмч 1 , тэргүүлэх зэрэгтэй эмч 8, ахлах зэрэгтэй эмч 10, клиникийн профессор 9, магистр зэрэгтэй эмч 9, тэргүүлэх зэрэгтэй сувилагч тусгай дунд мэргэжилтэн 14, ахлах зэрэгтэй сувилагч тусгай дунд мэргэжилтэн 29, мэргэшсэн нябо 1, мэргэшсэн жолооч -6, зэргэтэй тогооч -6 mус тус ажиллаж нийт ажиллагсдын 30%- ийг эзэлж байна.