Зүрхний цохилтын тоог цөөрүүлэх ач холбогдол

2011 оны 10-р сарын 02

Зүрхний архаг дутагдал нь жил бүр ихэсч буй эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал мөн. Стандарт эмчилгээнд бета блокатор, ангиотензин хувиргагч ферментийг хориглогчдыг хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нь өвчлөл болон нас баралтыг бууруулдаг нь нэгэнт батлагдсан юм. Гэсэн хэдий ч өвчний тавилан тийм ч таатай биш байсаар байна гэж дэлхий дахинд үзэж байна. Эдгээр эмийн сайн нөлөө нь зүрхний цохилтын тоог цөөрүүлдэгтэй холбоотой боловч эмийн бусад нөлөөллөөс хамааран хангалттай тунгаар хэрэглэж чадархгүй байх тохиолдол их байдаг нь сул тал болж байна.

Сүүлийн үед синусын зангилаанд нөлөөлөх замаар зүрхний цохилтын тоог цөөрүүлэгч эмийн бүлгүүд гарч ирсэн бөгөөд олон талаас нь судалж эхэлсэн байна. Эдгээрийн нэг болох SHIFT - Systolic heart failure treatment with If inhibitor ivabradine trial судалгаа нь эдгээр эмийн бүлгийн зүүн ховдлын үйл ажиллагаа болон өвчтөний амьдарлын чанарт хэрхэн нөлөөлж буй судалж үзсэн байна.

Тус судалгаа нь хүнд хэлбэрийн C болон D ангилалын зүрхний дутагдалтай, систолын дутагдалтай (EF<35%), тайван үеийн зүрхний цохилт минутанд дор хаяад 70 буюу түүнээс дээш байгаа бөгөөд хамгийн гол нь синусын хэмнэлтэй өвчтөнүүдийг сонгон авсан байна. Сонгож авсан өвчтөнүүдийг ойролцоогоор 2 жилийн хугацаанд хянаж үнэлгээ хийхэд нас баралт болон эмнэлэгт хэвтэлтийн тоо статистик магадлалтайгаар багасаж байсан байна. Зүрхний цохилтын хувьд ivabradine нь дунджаар 16 цохилтоор ба плациботой харьцуулахад 10 цохилтоор илүүгээр цөөрүүлж байсан байна.

Энэхүү эм нь зүрхний цохилтын тоог цөөрүүлэхээс өөр ямар нэгэн гемодинамикийн нөлөө байхгүй тул зүрхний цохилтын тоог цөөрүүлэх ач холбогдолыг судлахад бүрэн тохиромжтой байсан. Гэвч нэгэнт синусын зангилаанд нөлөөлдөг тул зөвхөн синусын хэмнэлтэй тохиолдолд үйлдэл нь илрэх боломжтой байжээ. Ийнхүү зүрхний цохилтыг цөөрүүлэх нь ач холбогдолтой болох нь судалгаанд оролцогчдын зүрхний систолын төгсгөлийн эзэлхүүнд илэрхий өөрчлөлтийг оруулж байсан болоод ejection fraction 3 нэгжээр сайжирсан үзүүлэлт гарсанаар батлагдаж энэхүү өөрчлөлтүүд нь эмнэлзүйд судалгаанд оролцогчдод эрүүл мэндтэй холбоотой амьдарлын чанарын үзүүлэлт сайжирч байгаагаар илэрчээ.

Prof Karl Swedberg MD et al., Ivabradine and outcomes in chronic heart failure (SHIFT): a randomised placebo-controlled study. The Lancet, Volume 376, Issue 9744, Pages 875 - 885, 11 September 2010




Холбоосууд