Мэссеж зөвөлгөө 4

2009 оны 02-р сарын 21
Архи арван нас хороодог уу?
 

1. Архи эрүүл мэндэд их хортой гэж үү? Хөөрлийн болон тайвшруулах нөлөөнд оруулдагаас нь болж хүмүүс хэрэглэдэг Гэвч цирроз, хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл бол архи гэдгийг сайн мэднэ.

2. Архи хор болохынхоо хувьд нэн түрүүнд хоргүйжүүлэх үүрэгтэй элгийг гэмтээдэг. Тэгвэл согтууруулах ундааны төрлүүд нь мөн зүрх судасны өвчин үүсэхэд нилээдгүй үүрэг гүйцэтгэдэг ажээ.

3. Архи биед орж элгэнд ус, нүүсхүчлийн хий болсноор хорын аюул устдаг. Тэгвэл элэгний чадлаас давсан архи цууны альдегид (архинаасаа 80 дахин илүү хортой) болж биеийг хордуулдаг. 

4. Бараг бүх л эрхтэн тогтолцоог хордуулан, гэмтээдэг архины талаар дэлгэрэнгүйг вэб сайтаас хүлээн авч уншаарай. www.telemedicine.mn. Дараагийн удаад архины зөв хэрглээг танилцуулна.

 

Үнэхээр архи эрүүл мэндэд тийм их хортой гэж үү? Хэрэв хортой л юм бол олон зуун жилийн турш хүмүүс сархдыг хүртсээр ирсний учир юу вэ? Тиймээ, архи хор гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа нь хүний адренергийн системийг идэвхжүүлж, эндорфин хэмээх бодисын хэмжээг ихэсгэснээс хүмүүс баяр баясгалантай болж, нэг бол тайвширч эсвэл хөөрлийн байдалд ордог. Өсвөр нас, залуучуудын хувьд хөөрлийн, харин насанд хүрэгчид, хичээл насныхны хувьд тайвшруулах нөлөө нь давамгайлдаг. Ийм л учраас хүмүүс архийг хэрэглэж байсан, хэрэглэсээр л байна.

Эерэг гэж нэрлэж болохоор эдгээр шинжээр архины нөлөөлөл дуусдаггүй нь харамсалтай. Архи хор болохынхоо хувьд нэн түрүүнд биемахбодийг хоргүйжүүлэх үүрэг бүхий элгийг гэмтээдэг нь ойлгомжтой. Бид элэгний цирроз, хавдар үүсэхэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол архины хэрэглээ гэдгийг сайн мэднэ.
Тэгвэл согтууруулах ундааны төрлүүд нь мөн зүрх судасны өвчин үүсэхэд нилээдгүй үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хэрхэн ямар замаар бие махбодид нөлөөлж, хордуулдаг талаар товч тайлбарлая.

Төрөл бүрийн согтууруулах ундаа нь мөн чанартаа янз бүрийн хэмжээ бүхий этилийн спирт агуулсан уусмалууд юм. Этилийн спирт бие махбодид орсны дараа гэдсээр шимэгдэн, элгэнд цусаар “зөөгдөн” очно. Элэг түүнийг хувирган, биед дайсагнах хорт нөлөөллийг саармагжуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Эхлээд цууны альдегид, цаашлаад цууны хүчил болж, ус, нүүсхүчлийн хий болон задарснаар хорын аюул устдаг.

Энэ үйл ажиллагаа 1-3 цаг үргэлжилдэг бөгөөд мэдээж хэрэг элэг хоргүйжүүлж чадах хэмжээний архины тухайд энэ үйл явц яригдана гэдгийг санаарай. Тэгвэл элэгний чадлаас давсан этилийн спиртүүд цууны альдегид болж, цусны эргэлтээр биеийн бүхий л хэсэгт тархах бөгөөд энэ нэгдэл этилийн спиртээсээ 60-80 дахин илүү хортой.
Өөрөөр хэлбэл өөрийг нь хоргүйжүүлэх гэсний төлөө этилийн спирт дүрээ хувирган, илүү аймшигт нэгдэл болж, биемахбодийн эсрэг “дайн зарладаг” байх нь. Цууны хүчил нь бусад уургуудтай нэгдэн биеийн дархлаа тогтолцоог идэвхжүүлдэг. Идэвхжсэн дархлаа тогтолцооны урвал өөрийн эд, эсүүдийг гэмтээснээр биеийн бүхий л эд, эрхтэнд эмгэг өөрчлөлт гарч эхэлнэ.
 
Түүнээс гадна архи нь цусан дахь өөх тосны /холестерол/ хэмжээг ихэсгэж, судас хатуурах өвчин /атеросклероз/ үүсэх үндэс суурийг тавидаг бөгөөд том судаснуудын уян хатан чанар алдагдаж, нүх нь нарийсдаг. Үүнээс шалтгаалан зүрхний шигдээсээр ч өвдөх аюултай.
Та магадгүй анзаарсан байх. Архи уусны дараа халууцаж, нүүр улайдаг бөгөөд энэ нь түүний захын судаснуудыг өргөсгөдөгтэй холбоотой. Гэхдээ тодорхой хугацааны дараа судаснууд эргээд хүчтэй агшдаг. Агшсан судасны эсэргүүцэл ихсэх нь ойлгомжтой. Тэгвэл захын судсуудын эсэргүүцэл нэмэгдэх нь цусны даралтыг шууд ихэсгэдэг бөгөөд энэ нөлөөлөл байнга давтагдвал өөрөөр хэлбэл архийг байн байн, тогтмол хэрэглэвэл удалгүй цусны даралт ихсэх өвчтэй болдог ажээ.

Түүнчлэн архи нь зүрхний дутагдал, кардиомиопати зэрэг өвчнүүдээр өвдөх эрсдлийг ихэсгэдэг. Мөн цусны бүлэгнэх чадвар өөрчлөгдөж, цус гоожимтгой болдог. Ийнхүү архи нь дээр дурьдсан өвчнүүдийг үүсгэх хүчин зүйл болж, шууд болон шууд бусаар хүний аминд хүрдэг. Энэ мэтчилэн архины эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нилээдгүй билээ. Архи гэхээр зөвхөн цагаан архи, виски гэж ойлгож болохгүй. Төрөл бүрийн дарс, шар айраг, оргилуун дарс тэр байтугай айраг хүртэл архины нэг төрөл юм. Энэ удаад архины хор хөнөөлийн талаар ярилцлаа. Дараагийн хэсэгтээ архины стандарт хэрэглээний талаар зөвлөх болно. Та заавал уншаарай.




Холбоосууд