Мессеж зөвөлгөө 6

2009 оны 06-р сарын 07

Мессеж 1.
Хүн бүхэн гурван цагаан хорыг сайн мэднэ. Өөх, чихэр, давс. Эдгээрийг зүгээр ч ингэж нэрлээгүй болох нь орчин үеийн олон туршилт, судалгаагаар батлагдсан билээ.

 

Мессеж 2.
Давс ихээр хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэдэг ба цусны даралт ихсэх өвчин нь архидалт, тамхидалттай адил эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод юм. Харин та үүнээс зайлсхийж чадна

 

Мессеж 3.
Нэг талаас зүрх, харин нөгөө талаас артерийн судасны өөрчлөлтөөс шалтгаалан даралт ихэсч болох ба мөн давс их хэрэглэснээс биеэр эргэлдэх шингэний хэмжээ ихэссэнээр  даралт ихэсч болно

 

Мессеж 4.
Ачаалал ихтэй ажилаж томорсон зүрх улам ихсэх ачаалал хавсарсны улмаас зүрхний цусан хангамж мөн алдагдаж улмаар зүрхний цус хомсрох болон зүрхний шигдээс үүсэх зэрэг хүндрэлд хүрэх аюултай

 

Мессеж 5.
Хоногт хэдий хэмжээний давс хэрэглэвэл хор уршгаас нь холуур өнгөрч болох вэ? Өдөрт 6 грамм буюу нэг цайны халбагаас ихгүй давс хэрэглэх нь даралт ихсэх эрсдлийг эрс бууруулдаг

 

 

Хүн бүхэн гурван цагаан хорыг сайн мэднэ. Өөх, чихэр, давс. Эдгээрийг зүгээр ч ингэж нэрлээгүй болох нь орчин үеийн олон туршилт, судалгаагаар батлагдсан билээ. Зүрх судасны өвчин үүсэхэд аль аль нь нөлөөтэй бөгөөд түүнээс энэ удаад давс хэрхэн биед хор болдог талаар ярилцая.

 

Юуны өмнө давс ихээр хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэдэг. Цусны даралт ихсэх өвчин нь архидалт, тамхидалттай адил эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд “чимээгүй алуурчин” гэж нэрлэгддэг. Учир нь ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй бөгөөд цусны даралт ихэсдэг хүмүүс зүрхний шигдээс болон бусад зүрхний өвчнөөр өвдөх магадлал 3 дахин илүү байдаг.

 

Тэгвэл давс даралт ихсэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Цусны даралт нь зүрхнээс шахаж буй цус, захын артерийн судсуудын зүгээс үзүүлж буй эсэргүүцлээр тодорхойлогдоно. Нэг талаас зүрх, харин нөгөө талаас артерийн судасны өөрчлөлтөөс шалтгаалан даралт ихэсч болох нь. Эсвэл биеэр эргэлдэх цусны хэмжээ ихэссэний улмаас  даралт ихсэх бас нэг хувилбар байж болно. Бие махбодын 60%-ийг ус бүрдүүлдэг бөгөөд насанд хүрсэн хүнд биеийн жингийн 4-6% буюу ойролцоогоор 5 л цус байдаг. Бусад ус нь хүний эд, эрхтэнүүдэд агуулагдаж, тэдний хэвийн үйл ажиллагааг хангадаг.

 

Хоол хүнсээр авсан давс хоол боловсруулах замаар шимэгдэн цусанд орно. Цусанд орсон давс нь осмос даралт буюу усыг өөртөө татах даралтыг ихэсгэдэг бөгөөд ингэснээрээ эд, эрхтэн дэх усыг татан судсаар эргэлдэх нийт цусны хэмжээг ихэсгэдэг. Үүний улмаас зүрхний шахах цусны хэмжээ мөн нэмэгдэн улмаар даралт ихэснэ. Байнгын давсны их хэрэглээ нь даралтыг тогтмол ихэсгэснээр цусны даралт ихсэх өвчин үүсдэг.

 

Шорвог хүнс хэрэглэсний дараа ам ихээр цангадаг шүү дээ. Энэ нь давс эд, эрхтнүүдэд агуулагдах усыг цусны эргэлтэнд оруулснаас нөгөө эд, эс маань усаар дутагдаж, түүнийгээ биднээс “нэхэж” байгаагийн нэг илрэл юм. 

 

Цусны даралт ихсэх нь яагаад зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг ихэсгэдэг вэ?
Даралт ихтэй болсон цусыг бие махбодид шахахын тулд зүрхнээс их хүч шаардана. Ачаалал ихтэй ажилласны улмаас зүрх томорно. Улмаар их ачаалал, томрол хавсарсны улмаас зүрхний цусан хангамж мөн алдагдаж улмаар зүрхний цус хомсрох болон зүрхний шигдээс үүсэх зэрэг хүндрэлд хүрэх аюултай.

 

Хэдий хэмжээний давс хэрэглэх ёстой вэ?
Дээрх бүгдээс бид давс зүрхний өвчин үүсэхэд ямар “үүрэг” гүйцэтгэдэг талаар мэдэж авлаа. Тэгвэл хоногт хэдий хэмжээний давс хэрэглэвэл хор уршгаас нь холуур өнгөрч болох вэ? Хариулт бол хоногт 6 граммаас ихгүйг. Энэ хэмжээ зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай. Хүүхдүүдэд бол үүнээс ч багыг хэрэглэж байх хэрэгтэй.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж ёсоор өдөрт 6 грамм буюу нэг цайны халбага давс хэрэглэх нь даралт ихсэх эрсдлийг эрс бууруулдаг байна. Энэ нь бүх насныханд хамаатай гэдгийг сануулахад илүүц биз ээ. Зөвхөн урьдчилан сэргийлээд зогсохгүй нэгэнт ихэссэн даралт буухад ч бас нөлөөдөг юм шүү.

 

Мэдээж идэж, ууж буй бүхэндээ агуулагдаж буй давсыг бодож гарган, тооцоолох нь үнэхээр хэцүү нь ойлгомжтой. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр бэлэн бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх ёстой давсныхаа 60%-ийг аль хэдийн авчихдаг байна. Тэгвэл давсны хэрэглээндээ хэрхэн хяналт тавих вэ? Бид дараагийн зөвлөгөөгөөрөө давсны хэрэглээгээ багасгахад тань туслах зөвлөмжүүдийг хүргэх болно. Та заавал уншаарай.




Холбоосууд