Зүрх судасны үндэсний конференц 2020

2020 оны 11-р сарын 01

Зүрх судасны үндэсний конференц 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж 21 аймаг 9 дүүргийн эмч нар мэдлэг туршлагаа солилцож, өндөр хөгжилтэй гадаад улсын эрдэмтэн профессоруудаас суралцаж ирсэн уламжлалтай билээ.

18 дахь удаагийн зүрх судасны үндэсний конференц (ЗСҮК)COVID-19 цар тахлын улмаас анх удаа дижитал хэлбэрээр 2020.10.23-27ны өдрүүдэд нийт 5 өдөр 15:00-17:30 цагийн хооронд Zoom webinar программаар зохион байгуулагдаж Зүрх судасны төвийн Facebook хуудсанд шууд Live дамжуулалт хийгдсэн.

  • Конференцийн эхний өдөр буюу 2020.10.23-ны Баасан гарагт Зүрхний хэм судлал,
  • 2020.10.24-ны Бямба гарагт Титэм судасны эмгэгийн дүрс оношилгоо,
  • 2020.10.25-ны Ням гарагт Зүрхний архаг дутагдал
  • 2020.10.26-ны Даваа гарагт Зүрх судасны мэс засал
  • 2020.10.27-ны Мягмар гарагт Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний сэдвээр хамгийн сүүлийн үеийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, шинэчлэгдсэн удирдамж зааврууд болон онол практикийн талаар гадаадын 9, дотоодын 22 зүрх судасны салбарт тэргүүлэгч доктор, профессорууд болон залуу, шинэ үеийн түүчээ болсон эмч мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцлоо.

2020 онд Монгол улсад титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ (ТСДО/Э)хийгдэж эхэлсний 20 жилийн түүхэн ой тохиож буйтай холбогдуулан ЗСҮК-д БНСУ-ын Ионсей их сургуулийн Биун Чул Чан профессор “Монгол улс дахь титэм судасны мэс засал: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт лекц мөн Монгол улсын гавьат эмч, ангиографын зөвлөх эмч З. Лхагвасүрэн “Монгол улсад титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ үүсэж хөгжин 20 жилд хүрсэн үр дүн” сэдвээр илтгэл тавьсан нь ТСДО/Э салбарын түүхэн хөгжил, амжилтыг сануулж цаашид илүү ихийг хийж бүтээх урам зоригийг нийт эмч мэргэжилтнүүдэд өглөө.

Мөн ЗСҮК-д зүрх судасны салбарын хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Европын зүрхний нийгэмлэгийн ерөнхийлөгч Стефан Ахенбах илтгэл тавьж оролцсон нь Монгол улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа.

ЗСҮК-д нийт 377 хүн Zoom программаар бүртгүүлж оролцсоноос 25-35 насны, эмэгтэй, зүрх судасны эмч мэргэжилтэй, аймаг, дүүргийн болон хувийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд түлхүү хамрагдсан байна. ЗСҮК-ийн үеийн гадаадын болон дотоодын нийт 33 илтгэлийн бичлэг ЗСТ-ийн Facebook хуудсанд хадгалагдсан бөгөөд 2020.11.30-ны байдлаар 5.100-7.000 удаа тоглогдсон байна.

ЗСҮК-ийн эмхэтгэл номыг цахим хэлбэрээр бэлтгэн гаргаж нийт оролцогчид, эмч мэргэжилтнүүдэд түгээсэн.




Холбоосууд